Wednesday, June 29, 2011

Номтой нөхөрлөсөн бяцхан түүх минь

Сүүлийн үед уншсан ба уншиж буй номнууд

Ойрдоо ном унших цаг зав багасаад байгаа болохоор ч тэр үү өөрийгөө ч сэргээх зорилгоор өөрийнхөө номтой нөхөрлөсөн түүхээ блог дээрээ бичье гэж шийдлээ. Нэг их үүх түүхсээд байхгүй ч хүүхэд насны минь сайхан дурсамжуудын нэг болохоор нийтлэлээ бичихэд ч урамтай байна. 

 Анх бага ангийн нэгдүгээр ангид орж байхад надаас бусад нь үсэглэж уншдаг байж билээ. Тухайн үедээ их л ичгэвтэр санагдаж эгч нарынхаа уурийг баран 7 хоног гаран ноцолдсоны эцэст үсэглэж уншдаг болж билээ. Өөрөөсөө том хүрэн баавгайн чихмэл, хэвтүүлэхээр нүдээ аньж унтдаг хүүхэлдэйгээс өөр нэг их тоглоомгүй байсан надад ном гэдэг сайн найз нэгээр нэмэгдсэн юм. Бага ангийн жаахан бацаан байсан болохоор үлгэрийн номонд нугасгүй дуртай. Тэр үед үлгэрийн ном ховорхон, тоотой хэдэн үлгэрийн номоо хэдэн ч удаа уншиж байсан юм бэ дээ. Хамгийн их тод санагддаг нь хатуу хавтастай орос ардын үлгэрүүд гэсэн их том зузаан ном байж билээ. Ном гайгүй сайн уншдаг байсан болоод ч тэр үү зохион бичлэгтээ сайн, юм цээжлэхдээ хурдан байсан даа. Бага ангын найзууд маань хүртэл Ертөнцийг харах цонх бол Уянга юм гэж хүртэл дооглодог байж билээ.

 Бага ангын 3-р ангиас уран зохиол тэр дотроо түүхэн романуудад их дуртай болсон. Хамгийн анхны уншсан роман маань Мандухай сэцэн хатан. Даанч хамгийн сүүлийн хэдэн хуудас нь урагдаж алга болсон ном байсан болохоор төгсгөлийг нь одоо хүртэл олж мэдээгүй л явна. Дараа нь Билгүүн их номч Бямбын Ренчин гуайн бичсэн гурамсан роман Үүрийн туяа. Үргэлжлүүлээд Манан будан, Зүрхний Хилэн, Оройгүй Сүм, Тунгалаг Тамир, Цаг Төрийн Үймээн гээд л монгол зохиолчидынхаа амттай сайхан зохиолуудыг уншсан даа. Өвөө минь түүхийн багш байсан болоод ч тэр үү өвөөгийн минь номын сан нь монгол гэлтгүй гадны сонгодог зохиолууд ч их байдаг байсан. Шадар гурван цэрэг, Монте Кристо гүн, Хурлийз Бүсгүй,  Дайн ба Энх,  Жонон Гуйлгачин 2, Усан доогуур 20н бээр аялсан нь гээд л дэлхийн сонгодог зохиолуудыг олонг ч уншиж дээ.

Эхэндээ ээж маань миний ном уншихийг их л хөхүүлэн дэмждэг байлаа. Би ч хичээлээс бусад цагийг бол ном уншихад л зарцуулж байсан байх. Дунд ангид ороод ирсэн миний хараа ч муудлаа, ээж сүүлдээ загнах тийшээ хандаж эхлэлээ. Хичээлтэй хамааралгүй ном уншиж харагдах юм бол ураад хаяна шүү гэж хүртэл загнах болов. Ах эгч нар хүртэл миний дүү ном их уншихаа боль, номын цагаан солио тусна шүү гээд л ... Гэхдээ тэглээ гээд ном унших хүсэл маань хэзээ ч дарагдаагүй. Аав ээжээсээ нуугдаж 00-ийн өрөөндөө хаалгыг нь түгжиж байгаад л нуугдаж уншина, угаах хувцасныхаа доор номоо нууж ээждээ хураалгахгүй гээд л гэртээ хирэндээ дажинтайгаар ном уншдаг байсан даа. Хажуу талын айл маань бас ном ихтэй байсан болохоор тэднийхээс их ном зээлж уншдаг байв. Зуны амралт болоод хөдөө амрахаар явах үедээ чемодан дүүрэн ном л авч явдаг байсан.

  Харин нэг муу тал нь номтой хэт их нөхөрлөсний үр дүнд надад сайн дотны гэх найзууд ховорхон байлаа. Биднийг хөдөө явсан хойгуур дүүг маань асууж найзууд нь гэрт их ирдэг байсан юм шиг байгаа юм. Харин намайг асууж ямар ч хүүхэд ирдэггүй байсан болохоор ч тэр юм уу  Ээж маань `чамд найз байдаггүй юмуу, миний охин ном уншиж байхаар гадаа гарч хүүхдүүдтэй тогло` гэж хүртэл хэлж байснийг бодоход их л санаа зовж байсан юм шиг байгаа юм. Тоглохоос илүү ном уншиж суух маань хамгийн жаргалтай цаг мөч минь байж.

 Их сургуульд орсоноос хойш унших номны маань төрөл ч их өөрчлөгдөж, уран зохиолын гэхээсээ илүү философи, сэтгэхүйн, эсвэл өөрийн мэргэжилтэй холбоотой ном сэтгүүл унших нь их болчихжээ. Одоо харин төгсөх дөхөөд бүүр ч номноосоо холдож байх шиг байна. Гэхдээ номтой ингэж их найзархаагүй байсан бол одоогийн  `БИ ` маань ямархуу сэтгэлгээ бодолтой болох байснийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч ирээдүйд маш сайхан номын сантай өрөөтөй болоод, номоороо хүрээлүүлээд уншиж сууна гэдэг багын мөрөөдөл маань өөрчлөгдөөгүй хэвээрээ л байна. Нэг л өдөр биелүүлнэ дээ мөрөөдөл чамайг...

3 comments:

  1. Сонин юмаа,багадаа би бас ном бариад суучихдаг...найз нөхөд цөөхөнтэй,сургуульдаа бол доктор,шар шувуу(нүдний шилтэй болохоор...ккк)гээд л хочлуулдаг...ээж,ах,эгчдээ -номын цагаан солиотой болчихвий гэж их үглүүлдэг байж билээ.Хамгийн анх уншсан номоо сайн санадаггүй ч....Үүлэн бор,Орос ардын үлгэрүүд ,нэр,хавтас нь байхгүй ямар ч хамаагүй ном уншаад л сууж байдаг хүүхэд байсан.6р ангидаа байхаа,гудамжинд ном зардаг эмээгээс анх удаа,Сухомлинскийн ,,Хүмүүжлийн тухай харилцан яриа,,гэдэг номыг худалдаж аваад уншсан чинь их сонирхолтой болохоор нь ,хүүхэдтэй болвол энийг ч туршиж үзье гээд л нээх том хүн болсон мэт бодож байж билээ...хэхэ.Ном,номын сангаас салдаггүйн хувьд номонд ойр,номонд хайртай хүний тэмдэглэл унших сэтгэлд дотно сайхан байлаа.Баярллаа.

    ReplyDelete
  2. Сэтгэгдэл бичсэнд баярлалаа. Үүлэн бор, Бөгтгөртөй Морьхон гээд л орос ардын үлгэрүүдийг их л уншдаг байсан даа. Унших ном цөөхөн болохоор үлгэрийн номнуудаа хэдэн ч удаа давтаж уншдаг байсан юм бэ дээ... Би ч 4н нүдэт хочтой(ном уншсаар хараа муудаж, харааны шил зүүдэг болсон).

    ReplyDelete
  3. би бага ангид бхдаа нэг хэсэг номын санд нээх сүртэй олон ном аваад л суудаг байсан, нэг удаа номын сангийн эгч нар намайг энэ охин дандаа жаахан хүүхдийн ном уншдаг гэж ярьж байсныг сонсоод ичээд дахиж номын санд бараг төгсөх анги хүртлээ ороогүй . Би дандаа дэлгэхээр дэлгэгддэг зурагтай ном үздэг байсан болохоор тэгсэн байх л даа хэ хэхэ
    энэ khaled hosseini 2 номыг уншсан юм байна. лалын оронд эмэгтэй хүн болж төрөөгүйдээ баярласан шүү

    ReplyDelete