Monday, April 18, 2011
Уянгын дотоод гадаад ертөнц
Блог нээчээд олигтой нийтлэл ч оруулаагүй удаж байгаа юм байна. Энэ удаа зүгээр л өөрийнхөө тухай бичихээр шийдлээ.
Энд миний хаана амьдардаг, хэдэн настай эсэх зэрэг улиг болсон товч танилцуулгын асуултууд огтхон ч дурдагдахгүй, гагцхүү өөрийнхөө доторхи `БИ`-гээ танилцуулах гэсэн юм. Биендээ ахадсан байж магадгүй томоос том зорилготой мөрөөдөмтгий жирийн л нэг бүсгүй. Гэхдээ зорилгоо биелүүлж амжилтанд хүрч чадна гэдэгтээ яагаад ч юм хэзээд бат итгэлтэй байдаг. Дэндүү олон зүйлийг хийж чаддаг болохсон гэсэн шуналтай хүслээсээ болоод заримдаа тавьсан зорилгийнхоо замаас хазайх тийшээ хандчихсан байдаг талтай. Гэвч одоохондоо ганц сайн чаддаг зүйл минь хичээл хийж суралцах юм шиг байгаан. Арван жилд байхийн биеийн тамираас бусад бүх хичээлдээ жигд сайн, нэг их онцгойрч тодорсон зүйлгүй сурагч насаа дуусгасан даа.
Олон хүнээс эрэгтэйлэг гэсэн үгийг сонсож байсан ч гадна үзэмжээрэээ хэнд ч хэзээ ч эрэгтэйлэг харагддаггүй шүү. Юу юунаас илүү хувцас загварт шунан дурладаг. Өмсөхөөсөө өмсөхгүй нь их хэтэрхий өндөр өсгийт гуталнууд авчихаад шкафны чимэглэл болгож тавих дуртай. Хэзээ нэг өдөр холливудын одод шиг асар том хувцасны өрөөтөй болох нь миний олон мөрөөдлүүдийн нэг.
Зан аашын хувьд, заримдаа хэнээтэй юм шиг хэнхэг зан гаргачих гээд, шулуунаас шулуун хүн болох гэж хэтэрхий хатуу үгийг эргэн тойрныхоо хүмүүст хэлж сэтгэлийг нь гомдоочихдог муу ч гэхэд сайн ч гэж хэлэхэд хэцүүхэн зантай. Гэхдээ хайр сэтгэлийн асуудал дээр нялуунаас шулуун гэдэг үг барагтай л үйлчилдэггүй. Бусад бүсгүйчүүдийн л адилаар хайртай хүндээ эрхлэж халамжлуулах дуртай. Хайртай хүмүүсийнхээ үгийг юу юунаас илүү хэт эмзэгээр хүлээж аваад хааяахан хэрүүл нэхчихдэг зангаа засах гээд барахгүй байгаа.
Заримдаа хэтэрхий Open-Minded байж магадгүй. Хүмүүсийн хүсэл сонирхол, үзэл бодол, санаа сэтгэлийг буруушаахгүйг хичээдэг ч заримдаа сурныхаа амсрийг задгайлж орхиод найз нөхөдтөйгөө гэмгүйхэн `хүмүүс муулалт` хийчихдэг. Эмэгтэй эрэгтэй хүний жендерийн асуудалд эрх тэгш байхийг хичээдэг, эр хүнд ялагдах дургүй гөжүүд зантай. Тийм зангаасаа болоод ч тэр үү одоогийн энэ мэргэжилээ сонгосон.
Хэнэггүй гэдэг занг ээжээсээ мянга түмэн удаа хэлүүлж байсан байх. Нэг их сүртэй биш бяцхан асуудлийг шийдэх гэж өдий төдий бодол болдог ч, заримдаа хэнэггүй зангаасаа болж өөрт хэт чухал зүйлүүдийг дэндүү хайхрахгүй орхичихсан байдаг. Хүмүүс тусламж гуйвал өөрийн чадах бүх зүйлээрээ туслахийг хичээдэг мөртлөө бусдаас тусламж авах тийм ч дуртай биш. Би чаднаа чадна гэж гүйх дуртай хэнхэг охин байсан тэр зан яг л хэвээрээ байх шиг байгаа юм.
Хамгийн сүүлд олон дуртай зүйлийнхээ заримнаас тоочиход:
1. Хар кофе, цэвэр шоколаданд нугасгүй дуртай.
2. Усан цэнхэр, Гал улаан, Нил ягаан өнгөнд дуртай.
3. Ганцаар байж ном уншиж намуухан орчинд байх дуртай. Бие дааж ганцаараа хэдэн жил амьдарснаас ч болсон уу зожигдуу зан сурч байж магадгүй.
4. Уйтгартай үедээ хөгжим сонсож зүгээр л хэвтэх юм уу шүлгийн ном, түүхэн романууд, философи гээд л сонирхолтой санагдсан бүгдээ л уншдаг.
5. Уурлахаараа дуугаа хураачихдаг, хүнтэй хэрэлдэх дургүй учираас хэрүүлийн өөдөөс олигтой үг хэлэхдээ мааруухан :D
6. Хайр дурлалын романтик, сэтгэл зүйн аймшигт кинонуудад тийм ч дуртай бус, бараг л үздэггүй. Харин адал явдалт, шинжлэх ухааны зөгнөлт, mysteries кинонуудад бол нугасгүй. Зарим хүнээс ТВ Сериалд донтож байна шүү гэдэг сануулгийг хүртээд байгаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
Надтай тестэй зан чанартай юм бнадаа
ReplyDelete