Wednesday, April 13, 2011

Эрээвэр Хураавар бодлууд минь - 1

 Японд сар гаруйн өмнөх аймшигт газар хөдлөлтийн улмаас үүссэн Фүкүшима 1-р атомын цахилгаан станцын ослоос болж гэнэт Монгол харихаар болов. Миний амьдарч байсан газар Фүкүшимагаас 300 гаруй километрийн зайтай тул байдал тийм хүнд байгаагүй ч Монголын тв-үүдийн хэт дэвэргэсэн мэдээллээс болж нийгэмд нилээдгүй паник айдас үүсгээд амжиж... Нас дээр гарсан эмээгийн маань даралт нь ихсэж, гэр бүлийнхэн ч сандрал орсон байсан тул санааг нь амраах зорилгоор монгол руугаа харихаар шийдэв.
 Олон улсын нисэх онгоцны буудалд очиход япон дахь гадаадууд хүртэл харицгаан их л хөл хөдөлгөөнтөй байв. Тэр дундаас манай монголчууд нэг юмаараа ялгарч байсан нь бусдийгаа хүндэлж оочерлэж чаддаггүй хүлээцгүй зан байлаа. МИАТ-ын нэмэлт нислэгэнд яаж ийгээд багтаж суух гэсэн хүмүүс тэнд бага зэргийн эмх замбараагүй байдал ч үүсгээд амжив. Нарита дээр байгаа монголчуудаа нэмэлт нислэгээрээ багтаан авч явнаа гээд байхад л урдуур оочер дайрах, танидаг хүнээрээ яриулах, эсвэл МИАТ-ын ажилчид руу дайрч хэрүүл хийх гээд бүдүүлэг ч гэмээр хэцүүхэн араншинг гаргацгааж байв. Би чамаас дээдэхтэй нь харицдаг, чам шиг амьтнийг хоолноос нь салгана шүү гэж ажилчид руу нь дайрах хүн ч байлаа. Гэхдээ МИАТ-ынхний хувьд зохион байгуулалт хангалтгүй байсан нь ийм асуудал үүсэхэд ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж хувьдаа бодож суулаа.  Мөн дээр нь гадаадын онгоцууд хэдэн зуугаар нь хүмүүсээ аван нисэж байгаатай харицуулахад МИАТ-ын онгоц жижигхэний улмаас нэг удаагийн нислэгээр 170 орчим л хүн тээвэрлэж байсан болохоор онгоцны буудал дээр бараг Монголчууд л нислэгээ хүлээн хонож байсан гэхэд болно.
 Харин монголд ирээд шууд нэг толгойний өвчинтөй болсон нь машин зам хөндлөн гарах асуудал байлаа. Ногоон гэрлээр ч зогсохгүй явцгаадаг, явган зорчигчоо хүндэлдэггүй бүдүүлэг үгээр дайрч доромжилдог, учиргүй сигналдаж хүмүүсийн амгалан тайван байдлийг алдагдуулдаг, дүрэм зөрчдөг байж цагдаагийн тавьсан шаардлагийг үл тоодог том толгойтой жолооч нар их байлаа. Бүүр хэд хэдэн удаа машинд дайруулангаа алдаж, ногоон гэрлээр хирнээ машинуудаас зугтах шахам замаар гүйн гарч байх жишээтэй. Үйлчилгээний салбарын хувьд харьцангуй үйлчлэгч нарын харьцаа сайжирсан байсан ч банкний ажилтангуудын хувьд бүүр дордсон гэж хэлмээр санагдсан. Адилхан үйлчилгээний байгууллага байтал үйлчлүүлэгч нараа  хүндэтгэсэн харилцаа байхгүй үл тоосон байдалтай, ид ачаалалтай цагаар ганцхан дилер үйлчлэн хүмүүсийн цаг завийг үрэх гээд л сэтгэл гонсойлгосон жишээ нилээн байлаа. Монголдоо ирээд сайхан байсан ч энэ маягийн зүйлүүдээс болон нервтэж уурлах асуудал их гарч байв.  Гуравхан долоо хоноход энэ мэтийн засмаар сайжруулаасай гэж бодсон асуудлууд нилээн гарч ирэж байлаа. Гэхдээ сайн ч саар ч зүйл байдагийн адилаар ахиж хөгжсөн сайхан зүйлсүүд ч их байсан.

No comments:

Post a Comment