Wednesday, June 29, 2011

Personal Favorite Songs of Nina Simone

Нээх гоё дууг блог дээрээ байрлуулчихья. Ойрд сонсоогүй байж байгаад сонсоогүй байсан чинь сэтгэл санаа хамаг юмийг эргүүлээд хаячихлаа. Nina Simone хэмээх энэ гайхалтай дуучнийг жаз хөгжим сонсдог хүмүүс дотор мэдэхгүй хүн ховор байх. Дууны хувьд 1957 онд бүтээгдсэн Wild is the Wind киноны хөгжим бөгөөд Johnny Mathis анх дуулсан. Гэвч би Nina Simone-ний хувилбарт нь илүү дуртай. Ер нь тэрээр маш олон алдартай сайхан дууг өөрийн хувилбараар дуулсан байдаг.
 


Бас нэмээд нэг дуртай дуугаа оруулмаар санагдлаа. Үг нь энгийн боловч нэг тийм донжтой гоё. Сонсох болгонд сэтгэл санаа нэг л сайхан сэргээд ирдэг юм.  

Номтой нөхөрлөсөн бяцхан түүх минь

Сүүлийн үед уншсан ба уншиж буй номнууд

Ойрдоо ном унших цаг зав багасаад байгаа болохоор ч тэр үү өөрийгөө ч сэргээх зорилгоор өөрийнхөө номтой нөхөрлөсөн түүхээ блог дээрээ бичье гэж шийдлээ. Нэг их үүх түүхсээд байхгүй ч хүүхэд насны минь сайхан дурсамжуудын нэг болохоор нийтлэлээ бичихэд ч урамтай байна. 

 Анх бага ангийн нэгдүгээр ангид орж байхад надаас бусад нь үсэглэж уншдаг байж билээ. Тухайн үедээ их л ичгэвтэр санагдаж эгч нарынхаа уурийг баран 7 хоног гаран ноцолдсоны эцэст үсэглэж уншдаг болж билээ. Өөрөөсөө том хүрэн баавгайн чихмэл, хэвтүүлэхээр нүдээ аньж унтдаг хүүхэлдэйгээс өөр нэг их тоглоомгүй байсан надад ном гэдэг сайн найз нэгээр нэмэгдсэн юм. Бага ангийн жаахан бацаан байсан болохоор үлгэрийн номонд нугасгүй дуртай. Тэр үед үлгэрийн ном ховорхон, тоотой хэдэн үлгэрийн номоо хэдэн ч удаа уншиж байсан юм бэ дээ. Хамгийн их тод санагддаг нь хатуу хавтастай орос ардын үлгэрүүд гэсэн их том зузаан ном байж билээ. Ном гайгүй сайн уншдаг байсан болоод ч тэр үү зохион бичлэгтээ сайн, юм цээжлэхдээ хурдан байсан даа. Бага ангын найзууд маань хүртэл Ертөнцийг харах цонх бол Уянга юм гэж хүртэл дооглодог байж билээ.

 Бага ангын 3-р ангиас уран зохиол тэр дотроо түүхэн романуудад их дуртай болсон. Хамгийн анхны уншсан роман маань Мандухай сэцэн хатан. Даанч хамгийн сүүлийн хэдэн хуудас нь урагдаж алга болсон ном байсан болохоор төгсгөлийг нь одоо хүртэл олж мэдээгүй л явна. Дараа нь Билгүүн их номч Бямбын Ренчин гуайн бичсэн гурамсан роман Үүрийн туяа. Үргэлжлүүлээд Манан будан, Зүрхний Хилэн, Оройгүй Сүм, Тунгалаг Тамир, Цаг Төрийн Үймээн гээд л монгол зохиолчидынхаа амттай сайхан зохиолуудыг уншсан даа. Өвөө минь түүхийн багш байсан болоод ч тэр үү өвөөгийн минь номын сан нь монгол гэлтгүй гадны сонгодог зохиолууд ч их байдаг байсан. Шадар гурван цэрэг, Монте Кристо гүн, Хурлийз Бүсгүй,  Дайн ба Энх,  Жонон Гуйлгачин 2, Усан доогуур 20н бээр аялсан нь гээд л дэлхийн сонгодог зохиолуудыг олонг ч уншиж дээ.

Эхэндээ ээж маань миний ном уншихийг их л хөхүүлэн дэмждэг байлаа. Би ч хичээлээс бусад цагийг бол ном уншихад л зарцуулж байсан байх. Дунд ангид ороод ирсэн миний хараа ч муудлаа, ээж сүүлдээ загнах тийшээ хандаж эхлэлээ. Хичээлтэй хамааралгүй ном уншиж харагдах юм бол ураад хаяна шүү гэж хүртэл загнах болов. Ах эгч нар хүртэл миний дүү ном их уншихаа боль, номын цагаан солио тусна шүү гээд л ... Гэхдээ тэглээ гээд ном унших хүсэл маань хэзээ ч дарагдаагүй. Аав ээжээсээ нуугдаж 00-ийн өрөөндөө хаалгыг нь түгжиж байгаад л нуугдаж уншина, угаах хувцасныхаа доор номоо нууж ээждээ хураалгахгүй гээд л гэртээ хирэндээ дажинтайгаар ном уншдаг байсан даа. Хажуу талын айл маань бас ном ихтэй байсан болохоор тэднийхээс их ном зээлж уншдаг байв. Зуны амралт болоод хөдөө амрахаар явах үедээ чемодан дүүрэн ном л авч явдаг байсан.

  Харин нэг муу тал нь номтой хэт их нөхөрлөсний үр дүнд надад сайн дотны гэх найзууд ховорхон байлаа. Биднийг хөдөө явсан хойгуур дүүг маань асууж найзууд нь гэрт их ирдэг байсан юм шиг байгаа юм. Харин намайг асууж ямар ч хүүхэд ирдэггүй байсан болохоор ч тэр юм уу  Ээж маань `чамд найз байдаггүй юмуу, миний охин ном уншиж байхаар гадаа гарч хүүхдүүдтэй тогло` гэж хүртэл хэлж байснийг бодоход их л санаа зовж байсан юм шиг байгаа юм. Тоглохоос илүү ном уншиж суух маань хамгийн жаргалтай цаг мөч минь байж.

 Их сургуульд орсоноос хойш унших номны маань төрөл ч их өөрчлөгдөж, уран зохиолын гэхээсээ илүү философи, сэтгэхүйн, эсвэл өөрийн мэргэжилтэй холбоотой ном сэтгүүл унших нь их болчихжээ. Одоо харин төгсөх дөхөөд бүүр ч номноосоо холдож байх шиг байна. Гэхдээ номтой ингэж их найзархаагүй байсан бол одоогийн  `БИ ` маань ямархуу сэтгэлгээ бодолтой болох байснийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч ирээдүйд маш сайхан номын сантай өрөөтөй болоод, номоороо хүрээлүүлээд уншиж сууна гэдэг багын мөрөөдөл маань өөрчлөгдөөгүй хэвээрээ л байна. Нэг л өдөр биелүүлнэ дээ мөрөөдөл чамайг...

Monday, June 13, 2011

Эко амьдармаар байна

Eco-friendly Lifestyle буюу байгальд аюулгүй амьдралын хэв маяг гэсэн үгийг сонсоогүй хүн ховор байх гэж бодож байна. Хүний хэт замбараагүй хэрэглээнээс үүдсэн байгалын бохирдолийг багасгах зорилгоор сүүлийн жилүүдэд байгальд хор хөнөөлгүй техник технологи, байгальд ойрхон амьдралын зөв хэвшлийг бий болгох талаар дэлхийн улс орнууд ихээхэн анхаарах болсон билээ. Тиймээс өнөөдөр би нэгэн сонирхолтой жишээг танилцуулахаар шийдлээ. Энэ бол Шотландын FindHorn хэмээх эко-тосгоны тухай юм. Эко-тосгон гэдэг нь байгальтай ойрхон амьдралын хэв маягийг илүүд үздэг хүмүүст зориулсан систем бөгөөд тэр дундаас хамгийн алдартай нь энэхүү тосгон юм. Анх 1965 оноос эхлэн эко-тосгон болох ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 3н томоохон онцлогтой.

1. Байшин барилга : Тосгоны байшин барилгуудад байгальд ээлтэй технологи ашигласан бөгөөд улирлын өөрчлөлтөнд тэсвэртэй байхаар барижээ. Тухайлбал дээвэр дээрээ зүлэг дэвссэнээр  өвөлдөө дулаахан, зундаа сэрүүхэн. Байшингийн дээврийг барихдаа байгалын шаварлаг хөрсийг ашиглан хийсэн хавтанг ашигласан бөгөөд дулаан алдалтийг багасгахын тулд дулаалга болгож ханандаа сонингийн цаас зэргийг ашигласан байна. Цонхны хувьд, 2-3н давхар шиллэж түүний хоорондох завсарыг хийгээр дүүргэсэн байдаг тул дулааны алдагдалт ч маш бага байдаг гэнэ. Мөн айл болгон дээвэр дээрээ нарны зайн хавтанг суулгаснаар өрхийн ус халаагуур системдаа нарны энергийг ашигладаг юм байна.

2. Хэрэглээний нийт эрчим хүчээ салхи болон нарны энергийг ашиглан хангадаг. Салхины хүчийг ашиглан эрчим хүч гарган авах 4н салхин турбинтэйгээс гадна айл бүр өөрийн гэсэн нарны зайн хавтантай.

3. Хамгийн гол онцлог нь бохир усаа ургамлын тусламжтайгаар цэвэршүүлдэг.  1995 онд анх Амьд Машин гэж нэрлэгдсэн энэхүү байгалын аргаар цэвэршүүлэх системийг суурилуулсан бөгөөд 4-5н усан санд нутагшуулсан бактер, замаг, микро-организмууд, болон маш олон төрлийн ургамал мод, дун, загас зэрэг нь байгалын амьд шүүлтүүр болж усыг цэвэршүүлдэг. Энэхүү аргад химийн ямар ч бодис хэрэглэхгүйгээс гадна хамгийн гол нь эргээд ууж болохуйц хэмжээнд хүртэл ус цэвэрлэгддэг. Мөн борооны усыг айл бүр өөрийн цэцэрлэгээ услахад ашигладаг аж.

4. Тосгоныхон газар тариаланг, болон мал аж ахуй эрхлэх замаар хүнсний хэрэгцээгээ хангадаг  бөгөөд химийн бордоо ашиглалгүй байгалын цэвэр органик хүнсний ногоонуудийг тариалдаг байна.

 Өнөөдөр дэлхийн ихэнхи улс орнууд сэргээгдэх эрчим хүч рүү дахин анхаарлаа хандуулж эхлэж байна. Дэлхий даяар атомын цахилгаан станцуудын тоо бууран, харин эсрэгээрээ сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан гарган авах станцуудын тоо ойрын үед эрчимтэй өсөж байна. Бидний урд хөрш Хятад хүртэл сүүлийн 5хан жилийн дотор салхины эрчим хүч ашиглан гаргаж авдаг цахилгааны хэмжээгээр дэлхийд 1рт ордог болчихжээ. 2хон саяуулхнаа бидэнд одоогийн байдлаар атомын цахилгаан станц дэндүү ахдах мэт санагдаж байна. Хамгийн гол нь бид өнөөдөр өндөр хөгжил гэдгийг юу гэж харж тодорхойлж байна вэ? Бидэнд, бидний хойч ирээдүйд цээж дүүрэн амьсгалах цэвэр агаар, нүд булаах тансаг байгаль, гар сунгаад хүрчихмээр ойрхон санагддаг цэнхэр тэнгэр л хэрэгтэй гэдгийг олон хүн ойлгож ухаарч байгаа болов уу!!!