Thursday, July 28, 2011

Хоёр буурай минь


Хамгаас хайртай 2 буурайдаа : Өвөөгийн минь хамгийн дуртай дуу, үргэж л амандаа аялчихсан явдагсан


Миний үеийн ихэнхи залуусын адил, би ч өвөө эмээгийн хүүхэд. Ээж маань Украйнд оюутан байхдаа намайг төрүүлсэн болохоор би гэдэг улаан нялзрай амьтан эмээ өвөөгийн гар дээр үлдсэн. Өвөө маань түүхийн багш, эмээ маань халдвартын эмч хийдэг. Өвөө минь үсээ гялалзтал хойш нь самнадаг, энгэрийнхээ халаасандаа байнга жижигхэн самтай явдаг, байсхийгээд л самаа гаргаж ирээд үсээ самнаж янзалдаг  хүн байж билээ. Эмээ минь их цэвэрч, чямбай ажилсаг бас тухайн үеийнхээ ганган бүсгүйчүүдийн нэг байсан гэдэг. Хэдхэн сартай болгоод ээж маань сургууль руугаа буцсан болохоор би гэрийн боорцог, хонины сүүл хөхөж өссөн гэсэн. Эмээ өвөөгийн гар дээр үлдсэн намайг өглөө болгон эгч(ээжийн дүү) минь яслид хүргэж өгөхийн тулд эхний цагын хичээлээ тасалдаг, өвөө багш байсан тулдаа хичээлийнх нь багшийг аргалдаг байсан гэжаагаа. Бас болоогүй хааяадаа харах хүнгүй болохоор өвөө юм уу эмээ ажил руугаа дагуулж явдаг. Өвөөгийн хичээл дээр болохоор сурагчидынх нь үзэгийг хурааж аваад хичээлийиг нь бичүүлдэггүй, эмээгийн ажил дээр очихлоороо эмээг дагаж өвчтөн үзэх өрөөнөөс гарч өгдөггүй эрх хүүхэд байсан гэж ах эгч нар маань надад яриж байсан юм.
 Зуны амралтаараа өвөөгийндөө харичихаад нэг тэмдэглэлийн дэвтэр олов. Уншаад байсан чинь манай өвөөгийнх, тэр тусмаа эмээтэй танилцаж байх үеийнх нь тэмдэглэл болж таарав. Одоо хамгийн сэтгэлд үлдсэн нь `Зөөлөн бороотой сайхан үдэш байлаа. Түүнийгээ өнөөдөр л анх уруул дээр зориглон үнсэв. Сэтгэл үгээр хэлэхийн аргагүй догдлов ` гээд доор нь 4н мөрт бичсэн байж билээ. Тухайн үедээ эмээгээ харах болгондоо өвөөгийн бичсэн тэр үгс нь санаанд орж их л инээд хүрдэг байсансан. Би ч тэгээд өвөөгийн л хүүхэд байсан даа. Өвөөгөө өмөөрч, согтуу ирлээ гээд
загнасан эмээ рүүгээ чулуу шидэж цохиж байсан тархигүй толгой.

2 comments:

  1. Saihan dursamj bn. Genet bagadaa tsuuhun harsan emee uvuuguu sanachihlaa. Сэтгэл ч хөдлөв багын дурсамж...
    1991 он. Багадаа би бас дүрсгүй нэгэн байсан. аавын хуруунаас салдаггүй үргэлжийн мөнх хөтлөөстэй. Өвөр дээр нь суугаад л байж байдаг. Ямар сайндаа зохиолч Тангадын Галсан намайг Хэний хүзүүний зүүлт гэдэг байв. Өвөр дээр нь суугаад л эрхлээд байна. Галсан гуайг та яагаад ингэж хамраараа яридагийн гээд гэнэн хонгор хүүхэдийн зангаар хэлээд загнуулж байлаа. Өвөө, эмээ маань хөдөө байдаг байсан. Зуны амралтаар очиж 7 хонохдоо аавыгаа хэрхэн эрхлэхийг хараад өөрийн эрхгүй инээд хүрдэг байсан ч цөөхөн байсан хэд хоногт нь сэхээ өгөлгүй эрхэлж, зав гаргалгүй харихыг шаарддаг байсан даа одоо харамсах...
    ...Хаврын салхитай тэр нэгэн орой гэрийн утас тас хийн дугарав. Учираа олохгүй хүүхэд миний бие яаран очоод утсаа автал паржигнан шуугих утасны нөгөө үзүүрээс хөдөө байх авга ахын дуу аавтай нь ярья гэж шууд хэлэв. Аавдаа утсаар ярья гэнэ гээд дамжуулсаны дараа аав маань утас авсан юм. Байна уу гэж хэлсэнээс хойш юу ч хэлээгүй... чимээгүй л зогсох аав маань хэсэг чимээгүй зогссоны дараа утасныхаа трупкыг алдаад чимээгүй цонхны дэргэд очоод зогсчихов. Байдал бишидсэнийг мэдсэн ээж маань утсыг үргэлжлүүлэн аваад авга ахтай ярилцсаад утсаа тасалсан... Гэрт хүнгүй мэт чимээгүй хэсэг хорм үргэлжилсэний дараа аав маань чимээгүй явсаар ажлынхаа өрөөнд ороод нүүрээ дараад цонхон дээр зогссонсон... Учираа олохгүй хүүхэд миний бие анх удаагаа бас ахиж хэзээч хараагүй аавынхаа нулимсыг хараад айж билээ. Ээж маань очоод аавыг тайвшируулаад дараа нь хүүхдүүд бидэнд Эмээ маань холын хол ахиж ирэхгүйгээр бурханы оронд явсаныг хэлж билээ... Гэр бүлийн төгс хосыг илэрхийлэх аав ээжийн маань үгс тэр үед сэтгэлд тод үлджээ... Ээж маань аавыг тайвшируулангаа цонхоор хараад -Миний хань эр хүн шүү дээ. Тэрийг хараа эгч ирж байна (Аавын эгч сураг сонсоод ирж байлаа) Эр хүн зоригтой бас ноён нуруутай байна шүү. Эгчийг уруу татаж уйлаад яахав буян л сайн үйлдье гэж хэлж байсан нь сэтгэлд үлдэж дээ... Тэр үед би 8н настай айлын эрх нэгэн байсансан... Цаг хугацаа нисэд одоод хорин жил өнгөрчээ... Айлын дундах байсан аав ээж минь ах дүү нартаа ахмадад нь ороод цагаан сараар хөлд дарагддаг болж...
    Аав ээждээ хурдхан очоод үлдсэн бүх амьдралдаа хамт байхыг би хүсч байна. Хүү нь таньдаа хайртай шүү. Хүний газраас эрдэмийг өвлөөд хүү нь удахгүй очиноо Хайртай шүү та хоёртоо...

    ReplyDelete
  2. Ямар гоё тэмдэглэл,ямар гоё сэтгэгдэл олоод уншчихваа....Би бас өвөөгийн хүүхэд байсан.Энийг уншаад өөрийн эрхгүй эх нутаг,гэр,өвөөгөө санчихлаа.баярллаа.

    ReplyDelete